Г.Ариунбуян: Албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, нийгмийн баталгаа зэрэг олон асуудлыг энэ хуулиар зохицуулна

darga1-2200x800
Б.Ууганбаяр: Дэлхий нийт гамшгаас урьдчилан сэргийлэхэд анхаарч байна
September 12, 2015
12-07-Баянаа
Д.БАЯНАА: Усанд далд орсон машинаас арваад хүн аварч байлаа
September 12, 2015
Бүгдийг үзий

Г.Ариунбуян: Албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, нийгмийн баталгаа зэрэг олон асуудлыг энэ хуулиар зохицуулна

DED-DARGA-SITEND-2200x800

Онцгой байдлын ерөнхий газрын Штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянтай ярилцлаа.

– Манай аврагчид ОХУ-д гарсан түймрийг унтраахаар өнгөрсөн долоо хоногт мордлоо. Монголын аврагчдын ур чадвар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн илрэл гэж харагдаж байна л даа…?

-2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараа онцгой байдлын аврагчдаас бүрдсэн баг очиж, сэргээн босгох ажиллагаанд гар бие оролцсон. Мөн бид зэвсэгт хүчний салбарт , НҮБ-ын мандаттайгаар энхийг сахиулах үйл ажиллагаанд багаа илгээж оролцдог уламжлалтай. Энэ удаад ОХУ руу багаа илгээж буй явдал нь гадаад улс оронд үүрэг гүйцэтгэж буй хоёр дахь томилолт. ОХУ-ын Буриад улсад энэ оны гуравдугаар сараас эхлээд ихээхэн хэмжээний ой хээрийн түймэр гарсан. Одоо хүртэл унтрааж чадахгүй байгаа. Түймрийн тархалт их нэмэгдсэн. 1995 онд манай Засгийн газар ОХУ-ын Засгийн газартай үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшигтай тэмцэх тэдгээрийн үр дагаврыг арилгахад хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан байдаг. Энэ хүрээнд Аврах тусгай анги, Дархан аймгийн Онцгой байдлын газрын нийт 50 албан хаагчдаас бүрдсэн багийг илгээсэн байгаа.

-Ямар багаж хэрэгсэлтэй явцгаасан юм бол?

– Гал унтраах багаж, тоног төхөөрөмж бүхий гурван тээврийн хэрэгсэлтэй, явсан. Мөн галын аюулгүй байдлыг хангах нөмрөг зэрэг бусад хэрэгслүүдээ авсан байгаа. Тэд долоо хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэнэ. Хэрэгцээ шаардлага гарвал энэ хугацааг сунгах томилолт өвөртөлсөн.

-Манай улс олон улсын аврах багтай болохоор төлөвлөж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-2014 онд НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үнэлгээний баг манайд ирсэн. Тэд Онцгой байдлын албаны эрэн хайх ажиллагааны чадавхийг үнэлээд явсан. Ингээд 21 заалт бүхий зөвлөмж гаргаж, манай улсыг дунд зэрэглэлийн олон улсын аврах багтай болооч гэсэн л дээ. Энэ дагуу бид бүхэн ажиллаж байгаа.Олон улсын түвшинд бага, дунд, дээд гэсэн аврах багийн зэрэглэл байдаг . Олон улсын дунд зэрэглэлийн аврах баг 50 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ багийг бэлтгэхийн тулд дадлага сургууль явуулж, чадвар суулгах хэрэгтэй. Мөн дунд зэрэглэлийн аврах багт тохирсон багаж тоног төхөөрөмж шаардлагатай. Бидний хувьд олон улсад үүрэг гүйцэтгэх багаа байгуулж, 2017 онд эргэж үнэлүүлэх үүрэг хүлээсэн.

-Онцгой байдлын салбар хэд хэдэн хуулийг шинэчлэн батлуулсан. Мөн Онцгой байдлын албаны хуулиа санаачлан боловсруулж, ирэх намрын чуулганд оруулахаар ажиллаж байгаа юм байна. Энэ мэтчилэн хууль эрх зүйн шинэчлэлүүд хийх шаардлага тулгарч байна уу?

-Манай байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа Гамшгаас хамгаалах хууль 2003 онд батлагдсан. Галын аюулгүй байдлын тухай хууль сая шинээр батлагдлаа. Улсын нөөцийн тухай хууль манай үйл ажиллагааг зохицуулж ирсэн. Ер нь арав гаруй хууль эрх зүйн актууд байдаг. Хараад байхад дэлхийн цаг агаарын дулаарлаас үүдэлтэй хохирлын хэмжээ жил ирэх тусам өсч байна. Нөгөөтэйгүүр манай хуульд байгаа нэр томъёо, олон улсын хуулийн заалтуудтай зарим талаасаа нийцэхгүй болсон юм байна. Мөн гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, чиг үүрэг бүхий байгууллага, бусад байгууллагуудын харилцаа нь тодорхойгүй байгаад байдаг. Гамшгаас хамгаалах үе шатуудыг заагаагүй олон шалтгаанууд байгаад байгаа. Энэ үндэслэл шаардлагын дагуу Гамшгаас хамгаалах хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна. Уг хуулийн 20 гаруй хувьд нь онцгой байдлын салбарын албан хаагчдын эрх зүйн харилцааг зохицуулсан асуудал бий. Процессын хууль маань давхар нэг байгууллагын дотоод албан хаагчдын асуудлыг оруулаад байх нь зохимжгүй. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай бие даасан хууль байх хэрэгцээ шаардлага тулгараад байна. Манай салбарын хувьд өнөө жил эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг хийлээ. Галын аюулгүй байдлын тухай хуулиа батлууллаа. Галын аюулгүй байдлын чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үүргийг тодорхой болгосон. Энэ хүрээнд гал гарсан тохиолдолд аймаг, орон нутгийн засаг захиргааны нэгжийг түшиглэсэн сайн дурын гал унтраах нэгжийг байгуулах асуудлыг нээлттэй гаргаж ирсэн. Дээр нь Онцгой байдлын албаны тухай хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан байгаа. Энэ бол манай албаны хувьд анхдагч хууль. Онцгой байдлын албаны чиг үүрэг, тогтолцоо, зохион байгуулалт, албан хаагчдын ажиллах үүрэг, нийгмийн баталгаа зэрэг олон асуудлыг уг хуулиар зохицуулахаар судалж байна.

-Онцгой байдлын албан хаагчид хүнд нөхцөлд ажилладаг. Тэдний нийгмийн асуудлыг шийдэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

– Онцгой байдлын салбарын нийт 4000 гаруй албан хаагчийн 70 гаруй хувь нь аврагч, гал сөнөөгч. Ер нь амьдралын нөхцөл байдал хүнд. Төрдөө өргөсөн тангарагтаа л үнэнч явж байна. Өглөө гэрээсээ гараад хаана үүрэг гүйцэтгэ гэнэ тэнд очиж ажилладаг. Олон хоног хөдөө хээр үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс албан хаагчдын нийгмийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Удирдлагуудын зүгээс үүнд байнга анхаарлаа хандуулж ажилладаг. Судалгаагаар нийт албан хаагчдын 10-15 хувь нь орон сууцанд амьдарч байна. Тиймээс бид БХБЯ, ТОСК-той хамтраад “Буянт-Ухаа-2” хороололд 300 албан хаагчийг орон сууцаар хангахаар ажиллаж байна. Мөн Хан-Уул дүүрэг, Нисэхийн орчимд 72 айлын орон сууц барьсан. Ирэх онд ашиглалтад оруулна. Бас Амгалангийн 063 дугаар ангийн байрлалд байдаг 360 айлын орон сууцны барилгыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Дээр нь нийслэл, орон нутгийн онцгой байдлын газрууд маань өөр өөрсдийнхөө чиглэлээр албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа.

-Олон хоногоор хөдөө хээр, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг аврагчдын томилолтын мөнгө хүрэлцдэггүй гэх асуудал жилийн жилд гардаг. Ер нь аврагчдын томилолтын зардал нэмэгдсэн үү?

-Сангийн яамнаас төрийн албан хаагчийн томилолтын зардлыг баталсан журам байдаг. Тэр жишгээр нэг аврагчид 29500 төгрөгийн томилолтын зардал баталж өгдөг. Үүнд тухайн аврагчийн хоол, унд, байрны зардал бүгд багтдаг л даа. Тэгэхээр хаанаа ч хүрдэггүй асуудал үүсдэг.

– Нэг үеэ бодвол онцгойгийнхон багаж хэрэгслээр хангагдаж байгаа. Гэхдээ 100 хувь чадавхижихад 240 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг танай албанаас мэдээлж байсан л даа. Улсын төсөв, гадны санхүүжилтээр шийдэх боломжтой юу?

-Онцгой байдлын албанд ашиглаж байгаа багаж тоног төхөөрөмжүүдийн хувьд ихэвчлэн ЗХУ-ын үед 1970-1980 онд үйлдвэрлэгдсэн, эдэлгээний хугацаа нь дууссан байдаг. Ашиглахад тун хүндрэлтэй, зарим нь таг зогссон байгаа. Одоогийн байдлаар манай албаны техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл байдал 30-35 хувьтай байна. Өнөөж илийн хувьд Шадар сайд анхаарлаа хандуулж нэлээд дэвшилттэй байлаа. Нийт 20 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэсэн л дээ. Тоног төхөөрөмжүүд эхнээсээ ирж, төв орон нутаг, салбаруудад хуваарилагдахаар бэлэн болоод байгаа. Мөн бид бүхэн төсөл хөтөлбөрүүдийн шугамаар техник тоног төхөөрөмжийг сайжруулах ажил зохион байгуулж байна. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр таван сая еврогийн хөрөнгө оруулалттайгаар техник, тоног төхөөрөмжийг сайжруулах төсөлд хамрагдсан. Энэ хүрээнд 16 гал унтраах машиныг нийлүүлэхээр Австрийн талтай тохиролцсон байгаа. Мөн Япон улсын Жайкагийн дэмжлэгтэйгээр нийслэлд явж байгаа автомашинуудаа шинэчилсэн. Ер нь манай онцгой албаны хувьд гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Жишээлбэл, баруун аймагт гамшиг тохиолдлоо гэхэд машинаар хэдэн цаг явж очих билээ дээ. Хугацаа алдана. Гэтэл аврах ажиллагааг шуурхай явуулах өөрийн гэсэн онгоц байдаггүй. Бид нисэх бүрэлдэхүүн бэлтгэх асуудлаар ОХУ-тай ярилцсан байгаа. Харин манайхтай ижил төстэй үүрэг бүхий БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ зэрэг хүчний байгууллагууд бүгд хамтран ажилладагт баяртай байдаг.

– Өнөө жил хатуу өвөл болно гэж байгаа. Онцгой байдлын салбар өвөлжилтийн бэлтгэл хэр хангаж байна?

-Онцгой байдлын салбар улсын нөөцийн өвс тэжээлийг хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ хүрээнд Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өвс тэжээлийн нөөцийг улсын нөөцийн салбаруудаар дамжуулан бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа. УОК-ын шийдвэрийн дагуу өнгөрсөн хавар улсын нөөцийн салбаруудад байгаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай өвс, тэжээлийг эргэлтэд оруулж, сэлбэсэн. Сая УОК-оос өгсөн үүрэг даалгаврын дагуу өвс тэжээлийн дахин нөөцийг бүрдүүлж, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.

-Өнөө жилийн гамшгийн дүн мэдээг сонирхуулахгүй юу?

-2015 он гарсаар Монгол Улсын хэмжээнд 4000 гаруй аюулт үзэгдэл бүртгэгдсэн байгаа. Үүний улмаас 130 гаруй хүн амиа алдаж, 40 гаруй хүн бэртэж гэмтсэн. 140-өөд мянган толгой мал хорогдсон. Шууд хохирлынх нь хэмжээ 39 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Нийтдээ 869 хүний амийг аварч, иргэд аж ахуйн нэгжүүдэд учирсан 18.6 тэрбум төгрөгийн хохирлыг болзошгүй гамшгаас хамгаалсан дүн мэдээ байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаарын дулаарал, гамшигт үзэгдлүүд нэмэгдэж байгаа, нөгөө талаас хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой, мөн улс орны хөгжил, хотжилт гээд энэ олон хүчин зүйлээс хамаарч байгалийн аюулт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж байна л даа. Дэлхий нийтэд түгээмэл гардаг 30 гаруй аюулт үзэгдлийн арав гаруй нь Монгол Улсад гардаг.

-Ой хээрийн түймэр, усанд осолдсон дуудлага нэлээд зонхилсон байх. Урьдчилан сэргийлэх талаар ямар ажлуудыг хийдэг юм бэ?

-Монгол Улсын хэмжээнд 16 аймгийн 108 суманд 289 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байгаа. Ой хээрийн түймрийн улмаас нийтдээ долоон сая орчим га ой, бэлчээрийн талбай шатсан. Олон айл өрх орон гэргүй болж, амьжиргааны эх үүсвэр болсон малаасаа салсан хохирол учирсан. ОБЕГ гамшиг ослыг бууруулах талаар холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум түймэртэй байна. 570 гаруй га талбай шатсан. Одоогоор цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байгаа. Үер усны аюул нэлээд зонхилдог. Жил жилийн судалгааг аваад үзэхээр дунджаар 100-110 хүн санамсар болгоомжгүйгээр усанд осолдох тохиолдол байдаг. Энэ жилийн хувьд усны ослын золгүй тохиолдол 80 гаруй удаа бүртгэгдэж, 80 хүн амиа алдсан байна. Урьдчилан сэргийлэх хүрээнд бид ард иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол өгч, хүмүүс ихээр очдог гол, мөрөн, нуурын эрэг орчим завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулах, сурталчилгааны самбар байрлуулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас усны ослын тоо, дамтамж буурахгүй байна.

– Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхгуудыг хэрхэн ашиглаж байна. Үр дүн нь ямар байна?

-Үр дүнгээ өгч байгаа шүү. Нийслэлд 60 ширхэг , Булган, Сэлэнгэ, Дундговь аймагт тус бүр цамхаг байрлуулсан. Нийслэлийн хувьд энэ цамхгаар жилд нэг удаа олон нийтэд хандсан мэдээлэл өгдөг. Ард иргэд дохио санамж авч байгаа. Сүүлийн үед барилга байгууламж нэмэгдэж, зарлан мэдээллийн үйлчлэх цар хүрээ хаагдмал болоод байгаа. Тиймээс цамхгуудыг шинэчлэн сайжруулах шаардлага бий.

– Сүүлийн жилүүдэд хотын хүн ам нэмэгдэж байгаатай холбогдуулан төлөвлөлтгүй баригдсан байшин барилга, гэр хорооллын асуудал ихээхэн яригддаг. Хот төлөвлөлтийг зохион байгуулахад онцгой байдлын салбарын мэргэжилтнүүд оролцдог уу?

– Учир дутагдалтай асуудлуудын нэг бол энэ. Газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн бодлогод онцгой байдлын албанаас мэргэжилтэн оролцох зохион байгуулалт  байдаггүй. Дээрээс нь иргэд хаа дуртай газраа очиж буудаг. Ямар нэгэн эрсдэл тохиолдоход түргэн тусламж, онцгойгийнхон очиход орц, гарцыг нь хаачихсан тохиолдол элбэг байдаг нь хүндрэлтэй асуудлуудын нэг. Нийслэлд Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь нь амьдарч байна. Улаанбаатар хот газар хөдлөлт, үерийн эрсдэлтэй бүс болохоор иргэд нь ч, холбогдох байгууллагууд нь ч хаа, хаанаа анхаарах хэрэгтэй. Дэлхий ертөнц, Монгол орон, бүс нутаг маань амар тайван, аюул осолгүй амгалан сайхан байгаасай гэж хүсч байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *