Цаст Очирваань хайрханд онцгой ажилласан Завхан аймгийн Онцгой байдлын газарт зочлоход…

DSC_7107
Гурван давхар байшингийн дээвэр дээр сэрүү оргидог юм чинь гурван мянгаад метрт хүйтэн байхаас аргагүй
November 1, 2017
hfs09kph
Говь-Алтайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэг сургуулийн хана цуурчээ
November 1, 2017
Бүгдийг үзий

Цаст Очирваань хайрханд онцгой ажилласан Завхан аймгийн Онцгой байдлын газарт зочлоход…

DSC_6119-702x336

Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдыг эрэн хайхад бүхий л боломж нөхцлөө дайчлан ажилласан Завхан аймгийн Онцгой байдлын газрынхантай уулзахаар Отгон сумаас энэ сарын 26-нд Улиастай хотыг зорилоо. Нүүр нүдгүй шуурсан цасан хялмаанд төөрчих нь халаг явсаар гурван зуу гаруй настай эртний хотод очин төв замаар нь явахдаа Онцгой байдлын газрыг нь олж очив. Үүдний жижүүртэй нь мэндлэн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Өвдөлийн Болдыг сураглавал хоёр давхар дахь албан өрөөг нь зааж өгөв. Хоёр хоногийн өмнө Отгонтэнгэр хайрханы зүүн бэл дэх хээрийн штабын буурин дээр ярилцсан хижээл насны эр босож ирж гар барьж байна. Завханы онцгойгийнхны ажил төрөлтэй танилцаж нэг өдрийг хамт өнгөрөөх зорилготой ирснээ хэлж, маргааш нь ажил дээр нь өнжихөөр товлолоо. Хорин долооны өглөө 09 цагт зурагчинтайгаа очих үед анги нэгдэж, хурандаад илтгэл өгч байна. Хурандаа ч жагсаалыг хүлээн авч, Отгонтэнгэр хайрханд болсон ослын үеэр эндсэн уулчдыг эрэн хайх ажиллагаанд оролцсон нэр бүхий аврагчдад баяр хүргэв.

DSC_5868Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэс 2003 онд ОБЕГ-ын даргын тушаалаар байгуулагджээ. Гал унтраах байгууллага, Батлан хамгаалахын харьяанд байсан Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газар гэсэн гурван байгууллага нэгдэж өнөөгийн бүтэцтэй болсон байна. Өдгөө Аврах гал унтраах 43 дугаар анги, Аврах гал унтраах 39дүгээр ангиас гадна Улиастай, Тосонцэнгэл, Завханмандал, Тэс, Шилүүстэй, Сонгино сумдад Улсын нөөцийн салбартай томоохон айл болжээ. Өрхийн тэргүүн Ө.Болд хурандаа гал сөнөөгчөөс эхлэн энэ л салбартаа 25 дахь жилдээ ажиллаж буй ахмад дайчин аж. Унаган нутаг гэвэл Эрдэнэхайрхан сум. Нас тавь хүрсэн ч Т.Бадрал генерал тэр хоёр Отгонтэнгэрийн өндөрлөгт уулчид болон залуустай мөр зэрэгцэн алхаж явсан гэхээр бие бялдар, сэтгэлзүйн хувьд манлай удирдагч юм билээ. Завханы Онцгой байдлын газар 120 гаруй ажилтан албан хаагчидтай. Завхан аймагт гамшиг ослын тохиолдол жилдээ зуу гаруй гардаг байсан бол одоо 150 болж өссөн байна. Дуудлагын ихэнхийг хээрийн болон ахуйн түймэр голлодог гэсэн. Өвөл, хаврын улиралд бол ус, цасанд суулаа, төөрлөө гэсэн дуудлага тасрахгүй. Үер ус, ой хээрийн түймрээс гадна малын халдварт өвчин ихэссэн нь аврагчдын ажлыг нэмжээ.

Завхан аймаг хангай, говь, тал хээр хосолсон нутагтай. Хангайдаа зуд, говьдоо ган болох эрсдэл их. Онцгой байдлын газар бэхжээгүй үед байдал үнэндээ хэцүү байж. Тосонцэнгэлд түймэр гарлаа гэхэд Засаг даргынхаа ч юм уу, эмнэлгийн машиныг аврагчид гуйна. Өөр байгууллагын унаа болохоор нөгөө машинууд нь хээр аваачиж орхичихоод явчихна. Иймээс аврагчид хээр хөдөө цөлөгдсөн хоригдлууд шиг л өрөвдөлтэй амьтад байдаг байж. Харин одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын асуудал хариуцсанаас хойш унаа тэргийн хангамж, багаж, техник хэрэгсэл ч сайжирчээ. Аймгийн Онцгой байдлын газрынхан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван давхар байр, автомашины парктай болж энэ сарын 23-ны өдөр туузаа хайчлах гэж байтал Отгонтэнгэр хайрханы аюулт ослын дуудлага ирж урьсан, уригдсан бүгдийг сандарган, баяраа тэмдэглэхтэй манатай юм болжээ. “Би энд кей” компаниар бариулсан шинэ байрны ажил 2014 оноос хойш сунжирч, энэ зуны саруудад залуучуудаа амраалгүй дайчилсны хүчинд ашиглалтанд дөнгөж орсон өдөр нь Монгол даяар сэрдхийлгэсэн аймшигт ослын дуудлага иржээ.

DSC_5944Улиастай хот  Богдын гол, Чигэстэйн гол хоёрын дунд оршдог үндсэндээ арал хот ажээ. Тиймээс үерийн аюул нүүрлэхгүй гэх баталгаа үгүй аж. Далаад онд үерт автаж байсан нь үүний тод жишээ. 2016 оны долоодугаар сард бороо орж гучхан минут өнгөрөхөд үерийн ус мэлтийж Ногоон хашаа хорооллын 30 гаруй айл, хоёр гурван албан байгууллага усанд автаж баларчээ. Тухайн үед Баян-Өлгий аймагт гамшгийн хэмжээний үер болж олон айл сүйдсэн дүйвээнээр Завханы үер чимээгүй өнгөрчээ. Аврагчдын хувьд Тэс, Баянхайрхан, Асгат зэрэг 350-иад километрийн алс суманд очиж ажиллахдаа харилцаа холбоо тасрах энүүхэнд гэнэ.

Болд дарга ажил албаны жаргал зовлонгоо ний нуугүй л өгүүлж байна. Албан хаагчдадаа зориулж хорин айлын орон сууц бариулж, Онцгойгийн хуучин байрыг ажилчдынхаа хүүхдийн цэцэрлэг болгох талаар аймгийн Боловсролын төвийнхөнтэй тохиролцоод байгаа аж. УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Д.Оюунхорол, З.Нарантуяа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нартай гар сэтгэл нийлэн ажилладаг ч сонгууль болуут л албан байгууллагуудын удирдлага солигддогоос үүддэг бэрхшээл гол зовлон болдог гэж байна. Овоо гайгүй тогтвортой ажиллаж байсан хүнийг сольчихоор Онцгой байдлын тухай ойлголтыг шинэхэн даргын толгойд суулгах гэж бөөн ажил болдог аж.

Ер нь нэг суманд Онцгой байдлын үед ажиллах 66 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллах ёстой төдийгүй сум орон нутгийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдлийн санд төсөвлөх учиртай юм байна.

Үүгээр Засаг дарга нар гамшгийн эсрэг сургалт зохион байгуулж, болзошгүй нөхцөлд дайчлагдсан иргэдэд урамшуулал олгохоор заагдсан байдаг гэлээ.

DSC_5873Саяын Отгонтэнгэрийн уулчдыг эрэн хайх үеэр сум орон нутгаас ирсэн хүмүүс гартаа барьсан ганц хүрзгүй, газар ухах лоом ч үгүй иржээ. Харин Отгон сумын Засаг даргын Тамгын газрынхан сэтгэл гаргаж зүтгэл үзүүлж ажилласан нь ажилд нь овоо нэмэр болжээ. Дайчлагдаж ирсэн хөдөөний нөхөд “Онцгойгийнхон ирсэн бол бид буцна” гэж хүйтэн сэтгэл гаргах ч тохиолдол байдаг аж.

Монгол даяар алдартай Загастай даваанд цас их унах үед мянга гаруй метрийн өндөр эвгүй мөргөцөгтэй замыг цэвэрлэхэд хэрдээ их ажил болж байсныг Болд хурандаа ярьж байна.  Дэлхийн дулааралтай холбоотойгоор байгалийн гамшиг нэмэгдэх болсон. Иргэд харин үүнийг огт ойлгодоггүй гэнэ. Онцгой байдлын газраас “Цасан шуурга болно” гээд сэрэмжлүүлээд байхад л 30 м/с-ийн хурдтай цасан шуурга болоход 85 хүн сураггүй алга боллоо гэсэн дуудлага ирж байжээ. 2015-2016 оны өвөл 17 хоногийн турш хөрсөн дээр 50-60 хэм хүйтэрч байсан тохиолдол ч бий. Хол явж байгаа жолооч нар дор хаяж л эмийн сан, татах тороос, хүрз, царилтай байдаг сан бол бидний ажил мөн ч хөнгөрөх сөн гэх аврагчид ч байна. 2014 оны цагаан сарын үеэр хэдэн залуу машинтайгаа алга болчлоо гэсэн дуудлагын дагуу ажиллатал ах дүүгээрээ хэсэн архи дарс уусан залуус “Та нар яах гэж ирсэн юм” гэж агсам тавьж угтсан тохиол ч байх.

Энэ бүхнийг хүүрнэх хурандаа өдий наслахдаа цэргийн тангаргийг хоёр удаа өргөсөндөө баяртай байдгаа дурслаа. Учир нь Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын алба бол төрийн цэргийн байгууллага мөн гэсэн хуулийн өөрчлөлт саяхан бий болжээ. Нэгэнт цэргийн тангараг өргөсөн учраас Онцгойгийнхон эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө амь биеэ үл хайрлах болчихож байгаа юм. Онцгой байдлын газар өнгөрөгч онд онцлох үйл явдлаар дүүрэн байж. Тэсэлгээчин аврагч, ахлах ахлагч Пэрэнлэйнямын Цэрэнням Москва хотоос “Олон улсын иргэний хамгаалалтын баатар” цолыг авчирсан бол Онцгой байдлын албаны “Шилдэг гал сөнөөгч аврагч гал сөнөөгчөөр ахлах ахлагч Т.Батдэлгэр, аврагч гал сөнөөгчөөр ахлах ахлагч Я.Ишжамц, Гал унтраах техникийн олон төрөлтөт спортын мастер цол, тэмдгээр Улиастай сум дахь гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Б.Чагнаадорж,  Д.Баянаа, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Очирбатын Оргилбаатар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 39 дүгээр ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Ренчин-Очирын Лхагва-Очир, гал унтраах автомашины жолооч ахлагч Лхагвадоржийн Амаржаргал  нарын зургаан албан хаагч тус тус шагнагдсан байна. Аймгийн хэмжээнд ажлын үзүүлэлтээрээ Онцгой байдлын газар 2015-2016 оны аймгийн Тэргүүний агентлагаар, Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги сумын Тэргүүний агентлагаар, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Бадамдоржийн Ядамжав аймгийн Төрийн тусгай албаны тэргүүний ажилтнаар тус тус шалгарсан байх жишээтэй.

Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор, онцгой байдлын газрын ахмад настан Доржпаламын Ганхуяг, Цэргийн хүндэт тэмдгээр онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Б.Баттогтох, Эрэн хайх аврах бүлгийн Усчин аврагч, ахлах ахлагч Д.Пүрэвдорж, тэсэлгээчин аврагч, ахлах ахлагч П.Цэрэнням, Шудрага журам медалиар Улиастай сум дахь гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батцэрэн, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ширнэнгийн Оргил нарын алба хаагчид, Онцгой байдлын албаны шагналаар арваад алба хаагч, аймаг орон нутгийн шагналаар зургаан алба хаагч тус тус шагнагдсан байна.

DSC_6238Шинэ байраа хүлээж аваад тууз хайчлахаар зэхэж байхад нь гарсан Отгонтэнгэр хайрханд эндсэн уулчдыг хайх эрлийн багт Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч А.Амарсанаа, салааны захирагч, дэслэгч Б.Галмандах, сэтгэлзүйч эмч, дэслэгч Г.Пунцагсанжаа, тэсэлгээчин аврагч, ахлах ахлагч П.Цэрэнням, жолооч Д.Баянаа, ахлах ахлагч Ш.Отгонбаатар, С.Зоригоо, химичин аврагч, уулчин, ахлагч Г.Маналжав, шуурхай албаны жолооч Б.Балдандорж, дэд ахлагч У.Нямдаваа, Б.Баасандорж, Б.Бадам-Очир, дуудлага хүлээн авагч, ахлагч Ц.Бавуугарьд нарын 14 эрэлхэг зоригт охид, хөвгүүдээ Ө.Болд хурандаа өөрийн удирдлагад авч ослын газрыг зорьсон юм. Тэдэнд хүйтнээс эмээх, асга нурангиас айх сэтгэл байхгүй байсныг хэргийн газарт хэрхэн яаж ажилласан нь тодорхой харуулсан. Маналжав, Бадам-Очир, Нямдаваа гурав гэхэд уулын олон улсын хэмжээний мастер Батмагнай, спортын мастер Болор-Эрдэнэ, уулчин Алтангадас нартай мөр зэрэгцэн ослын газарт хамгийн түрүүнд үүрийн харанхуйгаар гарч, хадан хавцалд авиран хайгуул хийсэн гавьяатай. Тэд мэргэжлийн уулчид биш ч төрдөө өргөсөн тангаргаа биелүүлж амиа ч алдаж магадгүй хэцүү бэрхийг даван туулж зүтгэсэн. Ямар сайндаа л уулчид “Танай аврагчид биднээс дутахгүй байна. Харин хувцас хунарыг нь сайжруулаад өгчихвөл ч ямар ч уулын оргилд гарах дүү нар байна” гэж үнэлжээ. Очирваань хайрханд эрлийн бүлэг удирдаж ажилласан Амарсанаа хошуучийн хувьд эрлийн ажиллагаанд явах үедээ ам нь цангахын эрхэнд цас их зажилсны гороор хоолой нь өвдөж сөөсөн байсан. Өндөр уул өөд авиралт хийхэд их хэмжээний ус авч яваад байдаггүй учраас хээрээр гэр хийж байгаа алба хаагчдад иймэрхүү зүйл тохиолдох энүүхэнд. Онцгойгийнхон ийм л тэсвэр тэвчээртэй, бас хүнлэг хүмүүс учраас аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Онцгой байдлын газар бол миний баруун гар” гэж бүхнээс өндөрт өргөмжлөө биз ээ.

Байгууллагын өглөөний хурлын үеэр О.Оргилбаатар “Онц гал сөнөөгч” цол тэмдгээр шагнуулж, хамт олныхоо халуун алга ташилтаар мялаалгав. Хурлын дараа Отгонтэнгэр ууланд томилолтоор ажилласан нөхдийг хурандаа Болд өрөөндөө хүлээн авч Завханы хийдийн хамбын өгсөн Далай ламын шүншигтэй үрлээс гурав гурвыг өгөхдөө “Бидний тэргүүн дээр төрийн сүлд минь бий. Тиймээс бид айж сэжиглэх зүйл байхгүй. Гэхдээ сэтгэлээ ариутгаж энэ үрлийг өлөн элгэн дээрээ шүдэндээ хүргэлгүй залгиарай” гэж аминчлан хэлэх нь аав нь үрстээ халуун сэтгэлээ зориулах мэт сайхан санагдав. Сүү рашаалж бүгдэд амсуулав. Манай зурагчин бид хоёр Отгонтэнгэрт ажилласан учир мөнөөх үрэл, рашаанаас хүртлээ. Хурандаагийн ширээн дээр ламтан Зопа Ринбүүчийн “Зовлонг амгаланд урвуулахуй”, “Очироор огтлогч” судрын тайлбар зэрэг хоёр ч ном харагдана. Эл өдрийн морин цагт цаст уулнаа хэцүүхэн орчин нөхцөлд ажилласан онцгойгийн залуус албаныхаа фургон машинаар хийдэд очин Богд Очирвааниа аргадан сан тавиулж, ном уншууллаа. Үдээс хойш Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн удирдлагууд саяын болсон аймшигт үйл явдлыг тал талаас нь хэлэлцэх үед Онцгой байдлын дарга, хурандаа Ө.Болд очиж илтгэл тавьсан. Завханы Онцгойд өнжсөн тэмдэглэл маань энэ хүрээд өндөрлөж байна. Уулчин аврагчидтайгаа уншигчдаа жич уулзуулах ерөөл талбиж цэглэсүү.

Г.М: -Би БХИС-ийг 2013 онд төгссөн. Гэргий маань аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Бид гурван сайхан хүүхэдтэй. Ар гэрийнхэн маань ч бидний албаны онцлогийг ойлгодог болохоор тэгтлээ санаа нь зовних нь гайгүй. Хамгийн гол нь аль болох эрсдэлгүй, чадварлаг ажиллах нь чухал гэж хичээнэ дээ.

У.Н: -Би Аврах тусгай ангид шүхэрчнээр ажиллаж байсан юм. Шүхрийн спортын гуравдугаар зэрэгтэй. 2009 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж, Төв аймгийн Алтанбулагт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хаасан. Манай анги чинь химийн анги байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань хавар гурван сард төрсөн муухай амьтан бий. Би Сэлэнгэд хэдэн сар гал түймрийн дайчилгаанд явахад л ар гэрийнхэн маань их саначихсан байсан.

Б.Б: -Тосонцэнгэлийн сургуулийг 2008 онд төгсөн, МУИС-ийн Завхан дахь салбар их сургуулийг татвар, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн юм. Завхан аймагт ний нуугүй хэлэхэд ширээний ажил хомсхон л доо. Тиймээс аврагч-гал сөнөөгчөөр Онцгой байдлын газарт ажилд орсондоо баяртай байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *